Home / Ил тод байдал / Хүний нөөц / Албан хаагчийн ёс зүйн дүрэм / УЦУОШТӨВИЙН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

УЦУОШТӨВИЙН АЛБАН ХААГЧДЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл
• Архангай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн чиг үүрэг болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тус байгуууллагын албан хаагчид албан үүргээ гүйцэтгэхдээ удирдлага болгон ажиллах ёс зүйн эрхэмлэн дээдлэх зүйлс, дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээг тогтоон хэвшүүлэхэд энэхүү дүрмийн зорилго оршино.
• Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Төрийн албан хаагчийн эрхэмлэх 9 зүйл, Зөрчлийн тухай хууль, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль, холбогдох бусад хуулийг энэхүү дүрмийг сахин биелүүлэхдээ нийтийн ашиг сонирхолд захирагдан төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн ажилтны нэр хүндийг ямагт өндөрт өргөж явах нь тус байгууллагын нийт ажилтан албан хаагчдын үүрэг болно.
• Энэхүү дүрэм нь Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн инженер техникийн албан хаагчид болон үйлчилгээний албан хаагчид нэгэн адил хамаарна.
Хоёр. Ёс зүйн зарчим

2.1. Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн ажилтан, албан хаагчийн ёс зүйн зарчим нь Монгол Улсын үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрмээр зохицуулагдана.
2.2. Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн ажилтан, албан хаагч нь хууль дээдлэх зарчмаас гадна ёс зүйн дараах зарчмыг баримталж ажиллана. Үүнд:
2.2.1. Шударга, зарчимч байх;
2.2.2. Хараат бус байж, гадны нөлөөнд үл автах, хуульд захирагдах;
2.2.3. Төр, байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгалах;
2.2.4. Захирах (удирдах), захирагдах (удирдуулах) ёсыг баримтлах;
2.2.5. Хариуцлагатай байх;
2.2.6. Тэгш байх;
2.2.7. Ил тод байх;
2.3. Энэхүү дүрмийн 2.2-т заасан зарчмыг дараах байдлаар ойлгоно. Үүнд:
2.3.1. Шударга, зарчимч байх – хүлээсэн үүрэгтээ үнэнч байж, зөвийг эрхэмлэн дээдэлж, ажил үүргээ гүйцэтгэхэдээ улс үндэстний эрх ашгийг ямагт тэргүүнд тавьж, шударга бус байдалтай үл эвлэрэн, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх;
2.3.2. Хараат бус байж, гадны нөлөөнд үл автах – албан үүргээ биелүүлэхэд үйл ажиллагаандаа зөвхөн хууль тогтоомжийг баримтлан аливаа гадны нөлөөллөөс ангид байх;
2.3.3. Төр, байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгалах – албан үүргээ биелүүлэхдээ өөрийн ажлын шугамаар олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарах мэдээллийг чандлан хадгалж, аливаа хэлбэрээр бусдад тараах, мэдээлэхгүй байх;
2.3.4. Захирах (удирдах), захирагдах (удирдуулах) ёсыг баримтлах – төрийн албаны тухай хуульд заасан зарчмыг баримталж удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаварыг дурьдсан хугацаанд бүрэн гүйцэд, чанартай биелүүлэх;
2.3.5. Хариуцлагатай байх – тухайн ажлын байрны шаардлагыг бүрэн хангаж, ажил үүрэг, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлбэл зохих хугацаанд нь гүйцэтгэхийн тулд авч хэрэгжүүлбэл зохих бүхий л арга хэмжээг хэрэгжүүлэн чанарын шаардлага хангасан гүйцэтгэл, үр дүнд хүрдэг, хүрэхийн төлөө өөрийгөө бүх талаар дайчлан ажиллаж, өөртөө болон бусдад зарчимч шаардлага тавьж, хийсэн гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх;
2.3.6. Тэгш байх – үйлчлүүлэгчид болон бусад ажилтан албан хаагчтай алагчлалгүй, тэгш харилцах;
2.3.7. Ил тод байх – хуулиар хориглоогүй мэдээллийг ил тод нээлттэй байлгах;

Гурав. Ёс зүйн хэм хэмжээ

3.1. Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн албан хаагчид нь албан үүргээ биелүүлэхдээ дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө. Үүнд:
3.1.1. Албан үүргээ биелүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Төрийн албан хаагчийн эрхэмлэх 9 зүйл, Зөрчлийн тухай хууль, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль бусад хууль, тогтоомж болон салбарын хөдөлмөрийн дотоод журам, Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн хөдөлмөрийн дотоод журамыг чанд мөрдөж ажиллах;
3.1.2. Албан хаагчид нь байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж байгаагаа ямагт санаж Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн нэр хүндийг өндөрт өргөн, эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх;
3.1.3. Албан үүргээ биелүүлэхэд аль нэг улс төрийн хүчнийг дэмжих эсхүл шүүмжлэх байдлаар ялгавартай хандахгүй, улс төрөөс ямагт хараат бус байх;
3.1.4. Дээд шатны албан тушаалтныг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн үйл ажиллагааны бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв баримт мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах;
3.1.5. Албан үүргээ биелүүлэхдээ бусад ажилтан, албан хаагч болон иргэн, хуулийн этгээд (үйлчлүүлэгч)-тэй зүй бусаар харьцах, бүдүүлэг үг хэллэг, хараал хэлэхгүй, доромжлохгүй байх, харилцаатай холбоотой аливаа зөрчил гаргахгүй, байгууллагын үйлчилгээний стандартыг мөрдөх, хэл амаар доромжлох, үл хүндэтгэх, дарамт шахалт үзүүлэх, айлган сүрдүүлэх зэрэг ёс зүйгүй авирлахгүй байж албан тушаал, хувийн харьцаа, хандлага, нас, хүйс, үндэс, угсаа, шашин шүтлэгээр ялгаварлахгүй байх, зүй бус харьцаа, ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж шударга бус зүйлийн талаар эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх;
3.1.6. Бусдын гүйцэтгэж байгаа ажил үүргийн биелэлт, үр дүнд хөндлөнгөөс нөлөөлөх, ажил үүргээ гүйцэтгэхэд саад, чирэгдэл учруулахыг оролдох, хуульд заагаагүй ажил үүрэг гүйцэтгүүлэхээр дарамт шахалт үзүүлэх, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, мэргэжлийн ур чадвар нь тухайн албан тушаал, ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа нь илэрхий байгаа ажилтныг өмгөөлж, хамгаалах, хэн нэгнийг үүнд буруутгахыг оролдох, өөрийн нэр төр, ашиг сонирхлын төлөө бусдыг илүү цагаар ажиллуулах зэргээр албан тушаал, эрх мэдлээ хууль бусаар ашиглахгүй байх;
3.1.7. Бусдын ажил үүргээ гүйцэтгэхдээ ашигладаг компьютер, тоног төхөөрөмжид эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэхгүй байх, ажлын файлыг устгах, гэмтээхгүй байх, шаардлагатай тохиолдолд эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр нэвтрэх;
3.1.8. Албан хаагчид нь бусдыг хүндэтгэсэн, эелдэг, найрсаг, шуурхай, харилцагчийн санал хүсэлтийг нь анхааралтай гүйцэд сонсож, ойлгохыг эрмэлзсэн, туслахыг хичээсэн, таатай сэтгэгдэл төрүүлэхүйц ажиллах;
3.1.9. Үйлчилгээ үзүүлэхдээ хүнд суртал, чирэгдэлгүйгээр үйлчилж, хэрэглэгчдийн санал хүсэлт, гомдлыг шуурхай шийдвэрлэн зохих хариуг хурдан хугацаанд өгч, хэрэглэгч үйлчлүүлэгч, харилцагчийн сэтгэл ханамжид анхаарч ажиллах;
3.1.10. Албан бичиг төлөвлөх, боловсруулахад бичиг хэргийн стандарт шаардлагыг баримтлах;
3.1.11. Албан хаагчид хувийн зохион байгуулалт сайтай, харилцан биеэ хүндэтгэж, өөр хоорондоо нөхөрсөг, шударга, хамтач, ажил хэрэгч харилцаатай байх;
3.1.12. Захирах (удирдах), захирагдах (удирдуулах) ёсны зарчмыг баримталж, тодорхой асуудлаар өөр саналтай байсан ч удирдлагаас гаргасан хуульд нийцсэн шийдвэр, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай, хариуцлагатай биелүүлэх;
3.1.13. Хариуцсан ажилдаа хайнга хандах, хүндэтгэх шалтгаангүй ажлаас хожимдох, ажил тарах цагаас эрт ажилаа дуусгах, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр ажлын цагаар гадагш явахгүй байх, цагийг үр бүтээлтэй ашиглаж, төлөвлөсөн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэнэ;

Дөрөв. Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн ажилтан, албан
хаагчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно

4.1. Албан үүргээ биелүүлэхдээ албан тушаалын давуу байдлаа ашиглах, бусдад давуу байдал бий болгох, олгох, бусдыг дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах, албан тушаалын хүчирхийлэл үзүүлэхгүй байх;
4.2. Ажилтан, албан хаагчид нь 4.1-т заасан нөхцөл байдлыг, байгууллага дээр болж буй соёлгүй, зүй бус, ёс зүйгүй харилцаа, хандлага гаргаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж буй ажилтанг тухай бүрд нь мэдээлэх, нуун дарагдуулахгүй байх;
4.3. Ажлын цагаар болон албан үүргээ биелүүлж байхдаа архи согтууруулах ундаа, мансууруулах зүйлс хэрэглэх, хэрэглэхийг бусдад уриалах, энэхүү үйлдлийг зохион байгуулах;
4.4. Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн нэрийн өмнөөс бусдыг төөрөгдүүлэхүйц юмуу сөрөг уур амьсгал бий болгоход өдөөн турхирсан аливаа мэдээлэл, мэдэгдэл хийхгүй байх, эрхэлж буй ажил, албан үүрэгтэй нь холбоотойгоор эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр мэдээлэл хийхгүй байх;
4.5. Ажилтан, албан хаагч нь албаны зориулалттай тээврийн хэрэгсэл болон бусад техник тоног төхөөрөмж, эд зүйлс, өмч хөрөнгийг хувийн зориулалтаар, өнгөрсөн хугацааны цаг агаарын мэдээ, мэдээллийг төвийн дарга болон архивын ажилтаны зөвшөөрөлгүй албаны бус зорилгоор ашиглахгүй байх;
4.6. Нэр төр, албан тушаал илүү хангамж, хөөцөлдсөн үйлдэл гаргах, бусдад нэр хоч өгөх, этгээд байдлаар хошигнож марзганасан үйлдлээр бусдын эрх чөлөө, нэр хүндэд халдах;
4.7. Соёлгүй бүдүүлэг зан авир гаргах, өндөр чанга дуугаар маргалдах, хэрэлдэх, бусадтай зүй бусаар харьцах;
4.8. Компьютер, сүлжээ ашиглан ажлаас өөр зүйл хийх (тоглох г.м);
4.9. Ажлын цагийг зөвхөн ажилдаа зарцуулах ба ажлаас өөр зүйл хийх, ажлын цагаар чөлөө зөвшөөрөлгүй ажлын байрыг орхиж явах, чөлөөний хугацааг баримтлахгүй байх;
4.10. Гишүүд, бусад оролцогчид Ёс зүйн зөвлөлийн хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр таслах, үл хүндэтгэх байдал гаргахыг хориглоно;
Тав. Ёс зүйн зөрчлийг хянан шалгах, хүлээлгэх хариуцлага
5.1. Ус, цаг уур, орчны шинжилгээний төв нь байгууллагын ажилтан, албан хаагчийн ёс зүйн байдалд хяналт тавих, зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоох, шийдвэр гаргах эрх бүхий Ёс зүйн зөвлөлтэй байна;
5.2. Ёс зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн даргын тушаалаар томилох бөгөөд 5-аас доошгүй, сондгой тоо бүхий гишүүнтэй байна;
5.3. Ёс зүйн хэм хэмжээ нь байгууллагын ажилтан байх, албан тушаал дэвших, шагнах, урамшуулах, сахилгын шийтгэл ноогдуулахад харгалзан үзэх үзүүлэлт болно.
5.4. Ёс зүйн зөвлөл нь дараах эрх, үүрэгтэй ажиллана.
5.4.1. Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн ажилтан, албан хаагч холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрмийг зөрчсөн тохиолдолд бичгээр гаргасан санал, хүсэлт эсхүл иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдол мөн эрх бүхий албан тушаалтан, ёс зүйн зөвлөлийн даргын болон гишүүний санаачлагаар Ёс зүйн зөвлөлийн холбогдох шалгалтыг явуулж, хуралдаанаар хэлэлцэн дүгнэлт гаргана.
5.4.2. Ёс зүйн зөвлөлд ирсэн санал, хүсэлт, гомдол дараах баримтуудаас бүрдсэн байна. Үүнд: Газар, хэлтсийн хувьд – албан бичиг (санал, хүсэлтээ тодорхой бичих)
– ёс зүйн зөрчлийн асуудалд холбоотой ажилтан, албан хаагчийн тайлбар
Иргэн, хуулийн этгээдийн хувьд: – албан бичиг, өргөдөл, гомдол (буцах хаяг, холбоо барих утасны дугаар) -Тухайн ажилтан, албан хаагчид холбогдох зөрчлийн шинж байдлыг илтгэсэн нотлох баримт зэргийг тус тус бүрдүүлж ирнэ.
5.5. Ёс зүйн зөвлөлийн хуралдаанд тухайн ажилтан, албан хаагч бичгээр тайлбараа гаргах ба биечлэн оролцож болно. Ёс зүйн зөвлөлийн гишүүд нэмэлт мэдээлэл шаардлагатай гэж үзвэл хариуцсан нэгжийн дарга, иргэн, хуулийн этгээд хуралдаанд оролцож тайлбар өгч болно. Сум орон нутгаас ирсэн санал хүсэлтийг шийдвэрлэхдээ шаардлага хангасан тайлбарыг авсан байна.
5.6. Ёс зүйн зөвлөл нь тухайн ёс зүйн зөрчлийг хуралдаанаараа хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар шийдвэрээ гаргана. Ёс зүйн зөвлөлийн хуралдааны шийдвэр нь дүгнэлт байна. Дүгнэлтийг ёс зүйн зөрчлийн асуудалд холбоотой ажилтан, албан хаагчид тухай бүр танилцуулна.
5.7. Ёс зүйн зөвлөлийн хуралдаанаас гарсан дүгнэлтийг дарга, нарийн бичгийн дарга, гишүүд бүгд гарын үсэг зурж баталгаажуулна. Ийнхүү баталгаажсан дүгнэлтийг байгууллагын захиргаа болон дээд шатны ёс зүйн зөвлөлд хүргүүлнэ.
5.8. Ёс зүйн зөвлөл нь ёс зүйн зөрчлийг хуралдаанаараа хэлэлцэж дараах байдлаар дүгнэлт гаргана.
– Ёс зүйн зөрчилгүй хэмээн буцаах;
– Зөрчлийн шинж байдал, дахин давтагдсан байдлыг харгалзан тус зөвлөлийн сануулах хуудсаар сануулах;
– Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах саналыг байгууллагын захиргаанд хүргүүлнэ.
5.9. Ажилтан, албан хаагчийн гаргасан зөрчил нь гэмт хэргийн шинжтэй бол хууль хяналтын байгууллагад шилжүүлнэ.

About Архангай Ус Цаг Уур Орчны Шинжилгээний төв