Home / Даргын мэндчилгээ

Даргын мэндчилгээ


АРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ
ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ДАРГА Ё. ДАНДАРВАНЧИГ

Монгол улсад Ус цаг уурын алба үүсэж байгууллагдаад 95 жил болж байгаа энэ өдрүүдэд Архангай аймгийн ус цаг уурчид Монгол орныхоо төв хэсгийн 1,5 сая км2 нутаг дэвсгэр дээр 19 сум , 101 багт ус цаг уурын ажиглалт, хэмжилт, мэдээлэл үйлчилгээ, шинжилгээ судалгааны ажлаа хийж байна.
Манай УЦУОШТөвийн шавын чулууг мөн 95 жилийн тэртээ Заяын хүрээнээ буюу одоогийн аймгийн төв Эрдэнэбулган сумын нутаг Цэцэрлэг хотод тавьж байжээ.
1935 оны БНМАУ, ЗСБНХУ-ын засгийн газар хоорондын “БНМАУ-ын дотор цаг уурын хороодыг байгуулах” тухай хэлэлцээрийн үндсэн дээр Судар бичгийн хүрээлэнгийн харъяанд манай улсад 1936 онд байгуулагдсан анхны байнгын ажиллагаатай 7 өртөөний нэг нь “Цэцэрлэг” өртөө болж манай төвийн түүхийн хуудас нээгддэг.
Цэцэрлэг өртөөнд 1954 он хүртэл Зөвлөлтийн цаг уурчид голлон ажиллаж монгол ажилтнуудыг сурган бэлтгэж байлаа.
1954 оноос өртөөний анхны даргаар Ж. Жанчив томилогдон ажиллажээ.
Их-Тамир суманд 1959 онд энэ жил 60 жилийнхээ ойг тэмдэглэх ус судлалын Хойд-Тамир харуул байгуулагдав.
1960 оноос эхлэн манай аймгийн сумдад ХААЦУ-ын харуулууд улмаар Эрдэнэмандал, Тариат, Төвшрүүлэх сумдад Ус цаг уурын шинжилгээний өртөөд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
1966 онд Ус цаг уурын товчоо байгуулагдан анхны даргаар Ш. Ланган ажиллаж байлаа. 1986 онд урьдчилан мэдээлэх товчоо, холбооны зангилаа байгуулагдан техник технологи шинэчлэгдэн 1996 оноос компьютерийн сүлжээгээр холбогдон цахим систем нэвтэрч эхэлсэн байна. Ийнхүү аймгийн УЦУОШТөв өргөжин тэлж орчин үеийн техник, технологи улмаар автомат багаж тоног төхөөрөмж хэрэгслэлээр хангагдан хөгжиж ирлээ.
1989 онд Ус судлалын Архангай өртөө, 1992 онд Байгаль орчны шинжилгээний лаборатори байгуулагдан шинжилгээ судалгааны ажлуудаа хийж байна.
2004 онд анхны автомат станцыг Цэцэрлэг өртөөнд суурилуулж байсан бол өнөөдөр манай аймгийн бүх өртөөд, цаг уурын харуулуудын 90 гаруй хувь нь автомат станцын горимд шилжиж мэдээ дамжуулж хүлээн авах ажиллагаа бүрэн цахим хэлбэрт шилжлээ. Манай төвийн дэргэд 2007 оноос ЦАЗН “Цэцэрлэг-Бороо-1” экспедиц, 2015 оноос Цахир суманд газрын генератор ажиллаж байна.
Төвийн нийт ажиллагсдын 90 гаруй хувь нь мэргэжлийн инженер техникчид, мэргэшсэн боловсон хүчнүүд болоод байна.
Манай төвийн хамт олон инженер техникийн ажилтанууд Ус цаг уурын хүрээлэнгийн эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтануудтай хамтран төвийнхээ 70,80, Архангай аймагт Ус судлалын салбар үүсэний 50 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулж, УЦУОСМХ, аймгуудад зохион байгуулагдсан бүсийн эрдэм шинжилгээний хурлуудад судалгаа, шинжилгээний ажлууддаа тулгуурлан илтгэл бэлтгэн оролцож төв орон нутагт хэвлэгдсэн эмхэтгэлүүдийн хуудасуудыг зузаатгасан баримтуудтай ойтойгоо золгож байна.
Монгол улсад ус цаг уурын алба үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан ус цаг уурын үе үеийн ахмад буурлууд эрдэм боловсрол, авъяас билгээ дайчлан ажиллаж байгаа тэнгэр лусын харуул нийт ус цаг уурчид бас хэрэглэгчиддээ ойн баярын мэндийг дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, ажлын амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Leave a Reply