Breaking News
Home / Түүхэн замнал

Түүхэн замнал

АРХАНГАЙ АЙМГИЙН УЦУОША-НЫ ТҮҮХИЙН ХУРААНГҮЙ
НЭГ. Монгол орны цаг агаар, уур амьсгалыг судалсан байдал,
үндэсний цаг уурын алба үүсч хөгжсөн нь:

Монголчууд эрт дээр үеэс эхлэн мал аж ахуй эрхлэхдээ хол, ойр, нутаг бэлчээр
сэлгэн нүүдэллэх, ан гөрөө хийж, аян жин тээх, тариа ногоо тарих ажил эрхэлж өөрийн уудам орны байгаль цаг ууртай үргэлж харьцаж байсан болохоор нутаг ус, түүний уур амьсгалын нөхцөл байдлыг сайн мэддэг түүндээ зохицон амьдардаг байжээ. Энэ бүхэн нь өөрийн гэсэн өвөрмөф зан заншил, аж ахуй эрхлэх арга, байгаль орчноо таньж мэдэх оюуны баялаг өвийг бий болгосон байна. Монголчуудыг малгүйгээр байгаль цаг уураас ангид төсөөлөхийн аргагүй бөгөөд тэд өнө эртнээс байгалиа таньж, байгалиа түшиж, байгалиа тахиж ирсэн улс билээ. Амьдралын урт удаан туршлагаар олж мэдсэн байгаль цаг агаарын тэдгээр мэдээлэл дотор нь шинжлэх ухааны үндэстэй зүйл ч цөөнгүй байдаг байж. Гэвч эдгээр туршлага, мэдээ материалаа нэгтгэн ном товхимол болгосон нь Монголын их эрдэмтэн математикч Мянгадын XYIII зуунд бичсэн “Одон орны цаг улирлын үзэгдлийг шалгаж үзсэний дараа найруулсан нь” зохиолыг эс тооцвол бараг байхгүй юм.
Харин эртний түүхийн ном, судар сурвалж бичгүүдэд газар усны нэр, байгаль цаг уур улиралын өөрчлөлт,хөгжил гэх мэт газар зүй, уур амьсгалын мэдэгдэхүүн / нэр томъёо / байдаг ч энэ нь эрэмбэ дараалалтай шинжлэх ухааны тодорхойлолт хараахан биш ажээ..
Манай орны газар зүй, түүний цаг уурын нөхцлийг нэлээд хожуу болтол буюу Европын жуурчид Монгол орноор аялаж ном тэмдэглэл бичих хүртэл дэлхий дахинаа сайн мэдэхгүй байжээ.
Ази тивийн цээжинд өргөн уудам нутгийг эзлэн орших манай орны цаг агаар, уур амьсгалын судалгааны ажил тус орны газар зүйн судалгаа түүний хөгжлийн үе шатуудтай шууд холбоотой юм.
Монгол орны газар нутаг, хүн ам, аж ахуйн байдалтай Европ болон Азийн улс орнуудын жуулчид, эрдэмтэд танилцаж манай орны газар зүй, уур амьсгалын тухай сонирхон мэдээ баримт цуглуулан ном зохиолдоо бичиж тэмдэглэж эхэлсэн үе бол 13 дугаар зуун.
Манай орны уур амьсгалын тухай мэдээг анх түрүүн Европ тивд түгээсэн хүмүүс бол лам Плано Карпини, Вильгельм Рубруквис, Венецийн худалдаачин Марко Поло нар юм.
Эдгээр жуулчид Монгол орноор аялж газар зүйн талаар мэдээ баримт цуглуулахдаа тус орны уур амьсгалын өвөрмөц онцлогийг анх түрүүн тэмдэглэсэн байна. Тухайлбал Плано Карпини өөрийн зохиолдоо: Монгол орон эх газрын уур амьсгалтай болохыг дурдаад зун туйлын бүчим халуун байдагч үе үе санамсаргүй хүйтэн болдог удаа цөөнгүй. Монгол нутгийн агаар гайхамшигтай сайхан гээд зуны маш халуунд хүчтэй дуу, цахилгаатай бороо,мөндөр ордог боловч цас орж хүйтэн салхи салхилдаг. Түүнчлэн хамгийн халуун саруудад хур тунадасны ихэнх нь орж гол, мөрөн үерлэдэг гэхчилэн бичиж тэмдэглэж үлдээсэн байна.
Мөн Европын жуулчид, эрдэмтэдээс XIX зууны эхээр Иакинф, ЁФ Тимковский нар Монголын тухай ном бичиж түүндээ манай орны уур амьсгалын ерөнхий тодорхойлолт өгсөн байна.
Манай оронд XIX зуунд Да хүрээ, Ховд, Улиастай, Замын үүдэд цаг уурын өртөө байгуулагдан ажиллаж байсан мэдээ байдаг байна.
1867 онд Бээжин хот дахь Оросын бодис зүйн орчилын захирал Г.А.Фритше, Я.П.Пишмаревтай хамтран Да хүрээнд цаг уурын өртөө байгуулан, зарим газарт бие хүн явуулан ажиглалт хийлгэж уур амьсгалын талаар мэдээ баримт цуглуулж байжээ. Тэгэхдээ зөвхөн агаарын халуун,хүйтэн, хур, тунадас, даралт зэрэгт ажиглалт хийж байснаас гадна мэдээ баримтын зарим нь хадгалагдаж үлдээгүй, байгаа баримтуудын он дарааллын цуваа тасалдалтай, тухайн үед нарийн багаж хэрэгсэл байгаагүй ажиглалт тогтмол биш байсан зэрэг нь манай орны уур амьсгалын горим, онцлогийг тодорхойлох эрдэм шинжилгээ,судалгааны материал болж хараахан чадаагүй байна.
Харин 19 дүгээр зууны сүүлч, 20 дугаар зуны эхээр Монгол оронд ирж судалгаа
хийж байсан эрдэмтэдийн тоо нэмэгдэж Оросын жуулчид, эрдэмтэд Н.М.Пржевальский, Г.Н.Потанин, М.В. Певцов, В.А. Обручев, П.К.Козлов, В.Л.Комаров, Г.Е.Грумм-Гртимайло, B.B.Cапошников, М.А.Усов, А. Каменский, Н.А.Казакова нар манай орны уур амьсгалыг тусгайлан авч судлаагүй ч өөрсдийн аялал, жуучлал, шинжилгээ, судалгааны ажлын дагуу явсан газар нутгийнхаа газар зүйн болон байгалийн бусад үзэгдэл, цаг уурын зарим элементэд түр зуурын ажиглалт хийн тэмдэглэл хөтлөж мэдээ баримт цуглуулан зохиол бүтээлдээ зохих хэмжээгээр тусгаж байжээ.
1921 оны Ардын хувьсгал ялсаны дараа манай оронд эрдэм шинжилгээний анхны байгууллага “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдаж өөрийн орны газар зүй, байгалийн нөхцөл байдал, болон уур амьсгалыг судлах ажил шинжлэх ухааны үндэстэй тодорхой чиглэл, зорилго, төлөвлөгөөтэй явагдаж эхэлсэн байна.
1924 оноос “ Судар бичгийн хүрээлэн”-ийн санаачлагаар ОХУ-ын Сибирийн бодис зүйн орчилтой хамтран Улаанбаатар, Улиастай, Заяын хүрээ, Дүүрэгч вангийн хийд, Замын үүд, Хатгал зэрэг газруудад цаг уурын өртөө байгуулагдаж орос мэргэжилтэнгүүд ажиллаж байв.
Тэр үед ажиглалт явуулах багаж төхөөрөмж, ажиллах мэргэжилтэй хүмүүс дутагдалтай байсан тул дээрх өртөөд төдийлөн удаан ажиллаж чадалгүй хаагдсан байна.
Манай оронд Ус цаг уурын албыг үүсгэн хөгжүүлэх тулгын чулууг тавьсан хүн бол Орос-Зөвлөлтийн геофизикч, Иркутскийн соронзон орон ба цаг уурын обсерваторын эрхлэгч, профессор В.Б. Шостакович юм. Тэрээр 1924 оны намар Судар бичгийн хүрээлэнгийн санаачлага, хүсэлтээр Монголд ирж нийслэл хүрээ, Сонгинын буланд цаг уурын анхны 2 өртөөг байгуулжээ. Мөн 1926 онд “Монголын уур амьсгалын нөхцөлийг судлаж цаг уурын хэмжилтийн сүлжээг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн судлаачид бол Д.А.Симуков, С.А Кондратов нар юм. Тэд зөвлөлтийн нэрт эрдэмтэн Монгол судлаач П.К.Козловын удирдсан шинжилгээний ангийн бүрэлдэхүүнд орж 1923 онд Монголд ирснээс хойш Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Цэвээн Жамсранноьын урилгаар тус хүрээлэнгийн газар зүйн тасагт эрдэм шинжилгээний ажилтнаар үлдэж С.А.Кондратов, Д.А.Симуков нар жилийн турш манай говь, хангайн олон газраар явж байгаль, цаг уур, газар зүй, түүх, этнографын иаш их шинжилгээний материал цуглуулж цаг уурын өртөөдийг байгуулах ажлыг зохион байгуулж явжээ.
30-аад он гэхэд манай орны үндэсний мэргэжилтнүүдийн анхны ном, зохиол хэвлэгдэн гарч эхэлсэний нэг нь Ж.Цэвээний “Монгол орны газар орны байдал” гэдэг ном юм.
Энэ номонд тус орны уур амьсгалын талаар ерөнхий тодорхойлолт өгөөд агаарын температур, хур тунадас, салхи зэрэг уур амьсгалын элементийн горим онцлогийг тус тусад нь дурджээ.
40-өөд онд манай улсад уригдан ирж ажиллаж байсан зөвлөлтийн газар зүйч судлаач Э.М.Мурзаев манай оронд ажиллаж байсан өртөөнүүдийн цөөн жилийн мэдээ болон өөрийн ажиглалтын өмнөх судалгаануудаа эмхэтгэн “БНМАУ” ном гаргаж түүндээ Монгол орны уур амьсгалын горим, онцлог, шинж байдлыг тодорхойлсон байна.
1950-аад онд нэрт эрдэмтэн Ш.Цэгмид “Хэнтийн уулархаг орны физик газарзүй ба эртний мөстлийн тухай тодорхойлолт” ном бичиж түүндээ Хэнтийн уулархаг орны захын нутгаар орших цаг уурын өртөөдийн болон өөрийн ажиглалтын материалыг эмхэтгэн боловсруулж уг нутгийн уур амьсгалын нөхцөл, цаг уурын элементүүдийн горим, хуваариалалтыг дэлгэрэнгүй тодорхойлсон байна.
1962 онд Шинжлэх ухааны харъяанд газар зүй, цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдсанаас хойш тус орны нилээд хэсэгт газар зүйн иж бүрэн судалгаа явуулж байгаль цаг уурын элементүүдийг хамарсан материалуудыг эмхэтгэн “Монгол орны Дорнод хэсгийг ланд шарфт ба байгалийн мужууд”, “Монгол орны физик газар зүй” 1970 онд Б.Жамбаажамц газар зүйн ухаанаар дэд эрдэмтний зэрэг хамгаалсан ус, цаг уурын анхны эрдэмтэн болж цаг уурын 30-аад өртөөний олон жилийн материалыг боловсруулан “БНМАУ-ын уур амьсгалын товч тойм” гэдэг номууд гарчээ.
1970-аад онд ус цаг уурын шинжилгээ, судалгааны олон жилийн материалуудыг эмхэтгэн боловсруулсан “БНМАУ-ын уур амьсгалын лавлах” 2 боть эрдэмтэн Ж.Цэдэнсодномын “Монгол орны нуур” номнууд хэвлэгдэн гарчээ.
1972-1973 онд Аэрологийн инженер Ж.Цэрэндэлэг ЗХУ-ын судлаачидтай Антрактад судлалын бүрэлдэхүүнд, 1974-1978 онд инженер Д.Шагдарсүрэн, Д.Чулуунбат нар Номхон болон Энэтхэгийн далайд хийсэн “Муссон-74”, “Монекс-76”, “Муссон-78” олон улсын хайгуулын ажилд оролцов. Инженер П.Чулуунбат 1982-1983 онд Антрактид судлалынXXYIII хайгуулд инженер Батболд 2009 онд, инженер Пүрэвдагва 2014-2015 онд Антрактик судлалын олон улсын хайгуул судалгааны ажилд оролцож өмнөд туйлд ажиллажээ.
1930-аад онд үнэдсний мэргэжилтэн дутагдалтай учир ЗХУ-ын мэргэжилтэнүүд ирж ажиллан Монгол ажилчдыг дагалдуулан сургаж бэлтгэж байсаны гадна 1950 оноос Ус цаг уурын шинжилгээний хорооны дэргэд өртөө, харуулын ажиглагчдыг бэлтгэх курс байгуулан жил бүр олон арван мэргэжилтэй ажилчдыг бэлтгэн гаргах болжээ. Үүний зэрэгцээ ЗХУ-ын их, дээд, дунд сургуулиудад хүмүүс явуулан суралцуулж үндэсний мэргэжилтэн бэлтгэж байсан бөгөөл 1961 онд МУИС-д цаг уурын анги нээж мэргэжилтэй боловсон хүчнээ дотооддоо бэлтгэж эхэлсэн байна.
Манай улсад 1947 онд цаг агаарын байдлыг урьдчилан мэдээлэх товчоо, радиозондын газар зэрэг шинэ салбар байгуулагдаж ус, цаг уурын байгууллагаас явуулж байгаа судалгаа, шинжилгээний ажлын хүрээ улам өргөжин цаг уурын өртөө, харуулын тоо нэмэгдсээр байв. Иймд Ус цаг уурын шинжилгээний хороог 1962 онд Ус цаг уурын албаны удирдах газар болгон өргөтгөж түүний харъяанд 1966 онд Ус цаг уурын шинжилгээний институт байгуулагджээ
1970 оны 12 сард цаг уурын хиймэл дагуулаас дүрс мэдээ хүлээн авах өртөөг байгуулж үүлшлийн зураг, мэдээг ашиглаж эхэлсэн нь сансрын цаг уур, зайнаас тандан судлах ажлын эхлэл болж улсмаар Сансрын мэдээлэл хүлээн авах, боловсруулах төв, тооцон бодох төв, ус цаг уурын салбарын Холбоо мэдээллийн товчоотой нэгдэн 1987 онд Мэдээлэл тооцооллын төв байгуулагджээ.
1969 онд Багаж хэрэгслэлийн шалган засварлах товчоо, 1976 онд агаар, хөрс, усны бохирдлыг судлах харуулууд байгуулагдан улмаар энэ нь одоогийн ЦУОШГ-ын БОХЗТЛабораторийн үндэс болжээ.
1990-1991 онд албаны дэргэд ЦАЗН “Хурын шим” төв байгуулагдсан байна.
Ийнхүү манай орны ус, цаг уурын шинжилгээ, судалгааны ажил тодорхой зорилго, шинэ төлөлвлөгөөтэй, хөтөлбөр, стандартын дагуу явагдах болж улсын хэмжээний томоохон сүлжээтэй болон өргөжин хөгжиж иржээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *