Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйлчилгээ
Архангай аймаг УЦУОШТөв “Цэцэрлэг бороо-1” экспедиц
Хүн өөрөө цаг агаарыг бүрэн жолоодож чадахгүй боловч өөрийн ахуй амьдрал, орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа зарим үзэгдлийн эрч, хүчийг сааруулах, заримаас нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах оролдлого хийсээр иржээ.
ОХУ-д 1932 онд цаг агаарт нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх судалгааны эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулж байсан бол БНХАУ 1950 оноос анхны туршилтын ажил хийгдэж, 1956 оноос судалгааны ажлын төслийг батлаж, 1958 оноос судалгаа туршилт-үйлдвэрлэлийн ажлыг хослуулан өнөөдрийг хүртэл хийж байна.
Одоо дэлхийн 90 гаруй улс оронд цаг агаарын үзэгдэлд зориудаар нөлөөлөх /бороо, цас оруулах, манан, мөндөр, бороо цасны үүл задлаж саринуулах гэх мэт/ ажлыг улсын төсөв болон төслийн хөрөнгөөр судалгаа туршилт-үйлдвэрлэлийн хүрээнд зохион байгуулан хийж үйл ажиллагааг нь Дэлхийн цаг уурын байгууллага хянаж байдаг.
Монгол улсад 1990 онд Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын эрдэм шинжилгээ, туршилт үйлдвэрлэлийн "Хурын шим" төв байгуулагдаж цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагааг хэрэгжүүлсээр ирлээ.
Архангай аймгийн “Цэцэрлэг бороо-1” экспедиц анх 2007 он 07 дугаар сарын 06 ны 172 дугаартай Архангай аймгийн засаг даргын захирамжаар Бороо 8 нэртэйгээр байгуулагдаж Цаг агаарт зориудаар нөлөөлж тунадас нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Зориудаар хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа нь нүүрс хүчлийн хий /CO2/, иодот мөнгөн /AgJ/-ний реагент /найрлага бүхий бодис/-ийг үүлэнд цацаж үйлчилснээр, тухайн үүлэнд тархсан реагентийн тоосонцорууд нь орчиндоо байгаа усан дуслуудыг өөртөө нэгтгэн томруулж бороо болгон газарт унах нөхцлийг бүрдүүлэхийг хэлнэ.
Манай оронд иодот мөнгө /AgJ/-ны реагентыг ашиглаж байгаа бөгөөд бүтэц, үйлдвэрлэсэн технологи, аюулгүй ажиллагаа нь олон улсын техникийн “ISO” стандартын шаардлага хангасан, амьтан, ургамал, байгаль орчинд хортой нөлөөлөлгүй, уг бодисийн үйлчилгээгээр орсон хур тунадас нь эерэг нөлөөтэй болохыг Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоон дээрхи зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн байдаг.
Реагентийн найрлагад байгаа иод нь хүнсний бүтээгдэхүүн бөгөөд мөнгөний агуулагдах хэмжээ бороо, цасны нэг литр усанд 0.05 микрограмм байхад сөрөг нөлөөгүй гэж үздэг бөгөөд олон жилийн судалгаагаар мөнгөний ердийн концентраци нь бороо, цасны нэг литр усанд 0.0001 микрограммаас ихгүй агуулагддаг болохыг АНУ-ын Эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон байдаг.
Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажиллагаа хийж эхэлснээс хойшхи өдий олон жилийн хугацаанд байгаль орчинд сөргөөр нөлөөлсөн тохиолдол гараагүй байна.
Үүлэнд цацсан реагент нь үйлчилж, усан дуслыг нэгтгэн, газарт буулгах хүртэлх хугацаанд үүл нь өөрийн шилжилтийн хурдаар тодорхой хэмжээний замыг туулж тухайн байрлалаа өөрчилсөн байна гэдгийг тооцож ойлгох нь чухал.
Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэн оруулснаар хөрсний угтвар чийг, бэлчээрийн болон таримал ургамлын ургацыг нэмэгдүүлэх, усан сан, гадаргын усны нөөцийг тэтгэх, хүн, газрын техник хүрч ажиллахад хүндрэлтэй ой, хөвч, тайгын түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой.